“Монос”-т цугласан эрх ашгийн зөрчилтэй хүмүүс нийтийн төлөө дуугарах нь үнэмшилгүй

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар 2019 онд  даатгуулагчдад олгох зайлшгүй шаардлагатай эмийн үнийн хөнгөлөлтийн зардалд 33.9 тэрбум төгрөгийг төсөвлөж улсын хэмжээнд 1017 эрүүл мэндийн даатгалын гэрээ бүхий эмийн сангаар дамжуулан шинэчилсэн жагсаалтаар хөнгөлөлттэй эмийг олгодог.

Жагсаалтийн хүрээнд 170 ерөнхий нэршлийн эм багтсан бөгөөд эдгээр эмэнд 20-80 хувь хүртэл хувийн хөнгөлөлт үзүүлж байсан юм. Арваннэгдүгээр сарын 29-нд Эм зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Цэндээхүү тэргүүтэй Монголын эм хангамжийн байгууллагын холбооны гишүүд хэвлэлийн хурал зарлаж, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 12 дугаар тогтоол хэрэгжих боломжгүй гэж мэдэгдсэн юм.

Мөн ЭМДЕГ-аас гаргасан шинэ жагсаалтаас харахад эмийн бизнес эрхлэгч "Монос” компанийн зарим эм 9 дахин өссөн байна. Энэ бол тус компанийн эрх ашгийг хангасан шийдвэр боллоо. Арванхоёрдугаар сарын 1-нээс хөнгөлөлттэй үнээр эм авдаг хөгшчүүл, хүнд өвчтэй хүмүүс хохирч эхэлнэ хэмээн мэдэгдсэн билээ. Түүнчлэн Монос компанийн эм чанаргүй, тус компани эрүүл мэндийн салбарт эмийн бизнест монопол буюу илүү ашиг хонжоо олох зорилгоор үйлдвэр ба худалдааны онцгой эрх авсан том нэгдэл бий болгохыг зорьж байна гэсэн асуудал хөндөгдсөн юм.

Харин ЭМДЕГ даатгалаас өргөн хэрэглээний эмд хөнгөлөлт үзүүлдэг нь хэрэглэгчдэд тогтвортой үнээр чанартай эм олгох явдал. Эмийн үнийн дээд хязгаарыг тогтоохдоо гаалийн мэдүүлэгт үнэлгээ хийж ашгийг тооцон хэт өндөр үнэтэй байсныг хямдруулсан гэсэн тайлбарыг өгөөд байна.

Тэгвэл өчигдөр  Монос группын удирдлагууд хэвлэлийн хурал хийж, Монос гурппын эмийн сан хариуцсан гүйцэтгэх захирал Л.Алтанцогт гэх хүн "Монос группийн үйл ажиллагаатай холбоотой судалгаагүй, баримтгүй, гүтгэлгийн шинжтэй мэдээлэл хийсэн хүмүүсийг хуулийн байгууллагад шалгуулна. Эм ханган нийлүүлэгчдийн баасан гаригт зарласан хэвлэлийн хурал ЭМД-ын шинэчилсэн жагсаалттай холбоотой гэсэн боловч үндсэндээ "Монос” группийн нэр хүндэд халдсан гүтгэлэг. Манайх руу монопол хэмээн нэлээн дайрлаа” хэмээн мэдэгдсэн байгаа.

Юуны өмнө давуу эрх олгогдсон гэгдээд буй "Монос” компанийг төлөөлөн хэвлэлийн хурал хийсэн албан тушаалтнуудын ажлын түүх, нийгэмд гүйцэтгэж байгаа үүргийг тодруулья.

Монос эмийн сан хариуцсан гүйцэтгэх захирал Л.Алтанцогт гэж хэн бэ?

Даваа гаригт болсон хэвлэлийн хурлыг тэргүүлсэн албан тушаалтан Монос группын эмийн сан хариуцсан гүйцэтгэх захирал Л.Алтанцогт хэмээн танилцуулсан байгаа. Л.Алтанцогт нь Эм зүйн байгууллагуудын нэгдсэн "Эм” холбоо Төрийн бус байгууллагын гишүүн бөгөөд энэ статусаараа Эрүүл мэндийн яамны Хүний эмийн зөвлөлд багтсан нэгэн юм байна.

232323232323223

Хүний эмийн зөвлөл нь Монгол Улсын эмийн бүртгэлд ямар эмийг бүртгэх вэ, ямарыг нь хасах вэ гэсэн томоохон эрх мэдэлтэй.  Улсын бүртгэлд бүртгэгдсэн эмийн зах зээлийн тандалт судалгааны удирдамж гаргаж, жил бүр тухайн жилд бүртгэх эмийн жагсаалтыг гаргадаг бүрэн эрхтэй зөвлөл юм.

Эм үйлдвэрлэгч компанийн төлөөгч улсын Хүний эмийн зөвлөлийн гишүүдийн нэгд багтсан байгаа нь өөрсдийн бүтээгдэхүүнийг дэмжих, өрсөлдөгчдийн бүтээгдэхүүнийг зах зээлээс шахах эрх ашгийн зөрчил үүсгэх боломжтой. Энэ ч үүднээс Монос монопол тогтоох нь гэсэн болгоомжлолыг салбарынханд төрүүлж байгаа юм байна.

Монос-ын хэвлэлийн хуралд заларсан эмэгтэй хэн байв?

Монос компанийг төлөөлөн өчигдөр (2019.12.02) хоёр эрэгтэй, нэг эмэгтэй хүн мэдээлэл хийсэн байгаа. Эмэгтэйн нэрийг Д.Өлзийдулам гэх бөгөөд "Монос” компанийн Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн даргаар ажилладаг юм байна. Тэрээр авлигал, хээл хахуулийн гэмт хэрэгт сэжиглэгдэн АТГ-т шалгагдаж байгаа нэгэн аж. Оймсноосоо 10 мянган доллар хүртэл гаргаж ирсэн арвин факттай МХЕГ-ын байцаагчдыг авлигаас буцдаггүй гэдгийг иргэд мэддэг болсон.

Д.Өлзийдулам гэхэд МХЕГ-т, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Эмийн хяналтын лабораторид ажиллаж байхдаа авлигын гэмт хэрэгт холбогдсон юм. Түүний авлига авсан салбар нь эмийн салбар. Тэр дундаа Монос компани гэдгийг МХЕГ-ынхан ч, АТГ-ыхан ч сайн мэдэж байгаа. Ийм нэг хүн Монос компанийн нэрийн хуудас болж хэвлэлийн хуралд оролцсон нь тус компанийг таагүй харагдуулахад нөлөөлөв.

"Ксезолин” гэх хамрын цацлага: Д.Өлзийдуламын хэргийг эргэн сануулахад, МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Эмийн хяналтын лаборатори 2016 онд манай томоохон эмийн компанийн үйлдвэрлэсэн энэ цацлагыг шинжилсэн байдаг. Гэвч хамрын цацлагын хэд хэдэн цуврал нь механик хольцтой байсныг шинжээчид баталжээ.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын албан ёсны сайтад байрлах эмийн жагсаалтын бүртгэлд байгаа мэдээллийг та харж байна.

01-3

"Ксезолин” гэх цацлагыг Монголд зөвхөн Монос компани үйлдвэрлэдэг гэдгийг энэ баримт нотолж байгаа юм.

"Ксезолин 0.05%-10мл” гэх хамрын цацлагад шинжилгээ хийхэд агаартан бактерийн тоо, механик хольцтой гэсэн үзүүлэлт гарч, чанарын шаардлага хангахгүй гэдэг нь батлагджээ. Үйлдвэрлэгч компани цацлага буюу дусаалгаа эмийг вирусийн болон нянгийн гаралтай хамрын салст бүрхүүлийн цочмог үрэвсэл, хамрын дайвар хөндийн үрэвсэл, хамар залгиурын салст бүрхүүлийн хаванг багасгах зэрэгт хэрэглэнэ хэмээн сурталчилж байсныг Өнөөдөр сонин хоёр жилийн өмнө мэдээлж байв.

Гэвч шинжилгээгээр элдэв хольц, бактер илэрсэн ч МХЕГ "ҮФӨ төслийн шаардлага хангаж байна” гэсэн дүгнэлт гаргаж, гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Мөн лабораторийн эрх бүхий албан тушаалтнууд нь "Ксезолин 0.05%-10мл” дусаалгын дүгнэлтэд "Үйлдвэрлэгчийн хүсэлтээр микробиологийн үзүүлэлт болон хольцыг хасаж гаргав” гэсэн тайлбар бичээд худалдаанд гаргахыг зөвшөөрсөн байдаг.

МХЕГ-ын үнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Эмийн хяналтын лабораторидйн менежерээр ажиллаж байсан Д.Өлзийдулам энэ хэргийн улмаас 2017 оны 11 сард ажлаасаа халагдаж, АТГ-т шалгагдаж эхэлсэн билээ. Харин тэр хоёр жилийн дараа гэхэд Монос компанийн ажилтан болчихсон тус компанийн эрхийг хамгаалан гүйж яваа нь анхаарахгүй байх аргагүй сэдэв мөн билээ.

Д.ОТГОО

 
 
Эх сурвалж: updown.mn

offshore.mn

http://offshore.mn
© 2021 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.