Нэр бүхий 6 шүүгч Салхитын ордын хэргийг шийдвэрлэхдээ авлигал авсныг АТГ-аас хөдлөшгүй баримтаар тогтоожээ. Салхитын ордыг булаалдаж буй Хятадууд шүүгчдэд авлигал өгөхийн тулд нэг шүүгч дээр нэг биш хэд хэдэн сувгаар авлигал өгсөн байна.
Тодруулбал, Найзаар, өмгөөлөгчөөр, хамаатнаар нь бүр нууц амрагаар нь хүртэл дамжуулан авлигал өгсөн байдаг. Ингэж хэд хэдэн сувгаар давхар өгдөгийн учир нь зарим зуучлагч дундаас нь эзэнд нь хүргэхгүй байх магадлалтай учраас улам бүр баталгаажуулж буй нэг хэрэг юм.
Тэгвэл дээрх хэргийг АТГ-аас шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна.
Энэ 6 шүүгч бол:
1.Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон
2.Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож
3.Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан
4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр
5.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар
6. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг нар юм.
Эдгээр шүүгчдийн хэргийг АТГ-аас прокуорт шилжүүлээд прокурорын хянах хугацаа өнгөрсөн 11 сарын 23-ны өдөр дууссан ч өнөөдөр яасан нь мэдэгдэхгүй таг болжээ. Прокурорт хэрэг нь очсон 6 шүүгчээс Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан хагалгаа хийлгэхээр БНСУ-ыг зорьсонтой холбоотойгоор гацчихаад байгаа гэх таамаг бий. Түүний хэргийг бусад шүүгчдийнхээс тусгаараад үлдсэн 5 шүүгчийн хэргийг шүүхэд шилжүүлж болох ч өнөөдөр яасныг бүү мэд. Шүүгчид авлигалд холбогдно гэдэг бол тухайн улс оронд хууль ёс хэрхэн завхарсны хамгийн тод жишээ. Прокуророос энэ хэргийг шүүхэд шилжүүллээ гэхэд түүнийг олон жил нэг салбарт ажилласан, магадгүй халаас нэгт шүүгчид нь шүүнэ. Иймээс Салхитын ордын авлигалд холбогдсон шүүгчдийн хэргийг нийтэд ил тод нээлттэйгээр шүүхийг шаардацгаая. Сүржин эхлээд даржин дуусдаг хэрэгүүдийн нэг адил энэ хэрэг замхараад дуусах вий.
Б.Отгон
Эх сурвалж: Ardchlal.mn
offshore.mn