Р.Эмүжин: Бурхны дүрд тоглох гоё уу, гурав аа?

Сонгогчдоос оноо авах гэж зээл хэмээх зэллээтэй унагаараа тоглоод эхэлсэн биш, тэтгэврийнхээс бусад зээлтнүүд тэднээс нүүр буруулахдаа тулчихлаа. Тэгэхээр одоо ингэнэ ээ, машины зээлтнүүд, цалингийн зээл, бизнесийн зээл, аялал жуулчлалын зээл, сургалтын зээл, булган дээлний зээл,.. гар утасны зээл, за цаашаа үргэлжлээд ломбардны өр, лангууны түрээсийн өр гээд бүх өр зээлийг тэглэхийн төлөө манай гурав зүтгэхээс аргагүй байдалд хүрч байна. Тэгэхдээ яг саяын ажилласан аргачлалаа давтана. Эхлээд аль нэг зээлийг тэглэх шийдвэр ҮАБЗ сэмхэн гаргана. Түүний дараа гишүүн Оюундарийн хэлснээр мэдээлэлд ойр байдаг хэсгийнхний зол болж, хэдэн арван саяар нь гялс амжаад зээл авна. Ингээд бөөндөж байгаад хайрын баяр, цагаан сар, эмэгтэйчүүд, эрчүүдийн баяраар цувуулаад зарлана. Цаашдаа бүр том зээлүүдийг чөлөөлье. Нөгөө МАК-аас Цагаан суваргын ордыг хурааж бүх орон сууцны зээлтнүүдийнхээ зээлийг тэглэе. Өөр хурааж авч болох юу байдаг билээ, бүгдийг гоё тавилттайгаар хураана. Тэгээд аж ахуйн нэгжүүдийн зээлийг тэглэсэн болчихоод хамгийн сүүлд ЖДҮчдийнхээ тэрбум тэрбумын зээлийг тэглэнэ шүү дээ.

Яг эрэмбэ дараагаараа явна шүү. Тэр хооронд ээж нар хүүхдээ тэврээд эмнэлгийн хонгилд гудас тавиад хэвтэж л байг, яадгийн. Сурагчид гурван ээлжээр хичээллээд, нэг ангид 60-уулаа шпрот болцгоож л байна биз, хэнд хамаатай юм. Зээлээ тэглүүлье гэхээр наад УИХ-ын гишүүд чинь суудлаа алдаж сул үлдэхээс айгаад угаасаа юу ч хэлж чадахгүй. Адилхан тансаглана л гэж тарвалзана шүү дээ. За тэгээд банк санхүү хэмээх агт морины арай ядан хоног хороож байгаа зээл нэртэй дөрвөн хөлийг тас цавчаад хаячихаар холыг туулна гэж дэгэлзэхгүй, алсыг зорино гэж амгай зуузай булаалдахгүй амар зүгээр. Идсээр байгаад идээ шүүсээрээ гулигаад, идээлж бээрлээд уяан дээр хэвтээгээрээ үхнэ биз зүгээр.

Тэгснийх нь дараа гурван бурхныхаа гарыг дагуулж хараад хэвтчихнэ дээ, улс орноороо. Манай гурван бурхан манант мэлмийгээ анивчаад хэр удаан бурхны дүрд тоглох юм байгаа юм, тэр хүртэл нь иднэ, ууна, инээнэ, ихэрхэнэ, хэхэрнэ, хэрэлдэнэ яадгийн...Ингэхэд, бурхны дүрд тоглох гоё уу, гурав аа. Бүх зовлонг гэтэлгэгч, бүх зээлийг тэглэгч, бүх гуйлтыг биелүүлэгч, амилсан бурхдын авшиг дүр, аая сүртэй юү?

Түмний зовлон дуусах биш дээ, нэгэнт бурхны дүрд тоглоод эхэлсэн юм чинь одоо тоглосон шиг тоглоод, тонгороод ойчтолоо гүрийнэ шүү! Тэртэй тэргүй монголчууд бурхан гэж наминчилж мөргөсөөр байгаад сэлэм шиг явснаа мартаад шилбүүр төдий болдог доо...шилбүүрийг чигчлүүр болгох юухан байхав.

Р.Эмүжин

Эх сурвалж: Dorgio.mn

offshore.mn

http://offshore.mn
© 2021 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.