Сонгуулийн тойрог, мандат хуваарилалтын талаар хэн, юу хэлэв

“Нийслэлийн мандатаас хасахыг дэмжихгүй”

УИХ-ын 2020 оны сонгуулийн тойрог, мандатын хуваарилалтыг ирэх сарын 1-нээс өмнө тогтоох хуулийн заалттай. Тэгвэл эрх баригч МАН-ын зурж буй тойрог, мандатын хуваарилалтын хувилбарууд эхнээсээ ил болсоор байна.

МАН-ын хувьд орон нутагт илүү дэмжлэгтэй гэдгээрээ энэ удаагийн сонгуульд аймгуудад илүү анхаарах бололтой. Тодруулбал, сонгуулийг 26 тойргоор явуулах бөгөөд нийслэлд 24 мандат, орон нутагт 52 мандат хуваарилахаар ярилцсаныг албаныхан хэлж байна. Ингэхдээ 2016 онд нэг мандаттай байсан Говь-Алтай, Булган, Дундговь, Сүхбаатар аймгийг хоёр мандаттай болгох гэнэ. Харин хотын дүүргүүд болох Баянзүрх, Сонгинохайрханы мандатын тоог цөөлж тус бүр тав, Баянгол, Чингэлтэйн мандатын тоог цөөлж тус бүр гурав болгох тухай ярилцаж байгаа аж.

Энэ талаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт “Нэг мандаттай аймгуудыг хоёр мандаттай болгохоор ярилцаж байна. Дундговь, Сүхбаатар, Говь-Алтай, Булган  аймаг нэг мандаттай. Тиймээс нийслэлийн 28 мандатаас дөрвийг нь нэг мандаттай аймгууд руу шилжүүлэх тухай ярилцсан. Гэхдээ одоогоор эцэслэн шийдээгүй байна. Одоогийн байдлаар 26 тойрогтой байхаар ярилцаж байгаа” гэсэн юм.

Өмнөх сонгуулийн үед ч МАН-ынхан сөрөг хүчин байхдаа эдгээр аймгийг хоёр мандаттай болгохыг шаардаж байсан. Харин одоо улс төрийн хүрээнийхэн зарим хүнд тусгайлан зориулж аймгуудад мандат нэмэх нь гэж харж байна. Өөрөөр хэлбэл, МАН-ын генсек Д.Амарбаясгалан Говь-Алтай аймгийг “усалж”, өнгөрсөн хугацаанд тус аймгаас сонгогдсон Ш.Раднаасэд гишүүнтэй түнжин муутай байлаа. Тиймээс тус аймгийг хоёр мандаттай болгох нь тодорхой болов. Мөн Сүхбаатар аймагт шинэ оны өмнө гавьяат цолоор шагнуулсан Ж.Чинбүрэн эмчийг сойхоор бэлтгэсэн гэх. Гэвч эсрэгээрээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ аймгаас нэр дэвших магадлалтайг зарим УИХ-ын гишүүн хэлэв.

Харин сөрөг хүчин АН-ын хувьд үе үеийн сонгуульд нийслэлд давамгай санал авдаг учраас хотын мандатын тоог бууруулахыг дэмжихгүй байгаагаа хэлсэн. 2008 оны сонгуулийг энэ жилийн сонгосон хувилбар (олон мандаттай томсгосон тойрог)-аар явуулахад нийслэлд АН саналаар давамгайлж байсан түүхтэй. Мөн тэд 2016 оны сонгуулийн үеэр эрх барьж байхдаа нийслэлийн мандатын тоог илүү нэмэх санал оруулсан ч тухайн үеийн сөрөг хүчин МАН-ын эсэргүүцэлтэй тулгарч, хотод 28, орон нутагт 48 мандат хуваарилж байлаа.

Уг нь сонгуулийн тойрог, мандатыг хуваарилахдаа хүн ам, газарзүйн байрлал, хэмжээг харгалзах ёстой. Учир нь, УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 12.2-т “Сонгуулийн тойргийг байгуулахдаа аймаг, дүүргийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил зэргийг харгалзан байгуулж, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтооно” гэж заасан. Гэвч улс төрийн хоёр том хүчний хувьд илүү санал авах байдлаар тойргийн хуваарилалт, мандатыг хуваарилсаар ирсэн нь үнэн билээ.

Харин энэ талаар УИХ-ын гишүүдээс тодруулахад нийслэлээс сонгогдсон гишүүд дээрх хуваарилалтыг дэмжихгүй байгаа бол орон нутгаас сонгогдсон гишүүд дэмжиж байна. 

Сонгуулийн тойрог, мандат хуваарилалтын талаар хэн, юу хэлэв УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн (Өвөрхангай аймгаас сонгогдсон):

-Тойрог, мандатын хуваарилалтыг эцэслэн шийдээгүй байна. Өвөрхангай аймгийг дөрвөн мандаттай болно гэж хүмүүс таамагласан байна лээ. Тийм зүйл байхгүй. Гурван мандаттай болно.   Харин  нэг мандаттай Сүхбаатар, Булган, Дундговь, Говь-­Алтай аймгийн мандатын тоог хоёр болгохоор ярилцаж байгаа. Ингэхдээ нийслэлийн дөрвөн мандатыг хасаж, аймгуудад шилжүүлнэ.     1992, 1996, 2008 онд сонгууль явуулахад нийслэл 20 мандаттай байсан шүү дээ. Харин одоо бүр 28 болсон. 

Сонгуулийн тойрог, мандат хуваарилалтын талаар хэн, юу хэлэвУИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат (Сэлэнгэ аймгаас сонгогдсон):

-Мандатын тоог тогтоох, той­рог хуваахдаа хүн амын нягтар­шил, газар зүйн байрлал, эдийн засгийн нөхцөл байдлыг харгал­зах ёстой гэсэн байр суурьтай байна. Тухайлбал, хүн амын тоогоор   дундаж хэмжээнд байгаа аймгууд хоёр мандаттай, 100 мянгаас дээш хүн амтай аймаг гурав буюу түүнээс дээш мандаттай байх нь зөв. Харин 100 мянгаас доош хүн амтай атлаа дөрвөн   мандаттай аймаг байвал мандатын тоог хасах ёстой. Ер нь хүн ам их төвлөрсөн нийслэлийн мандатаас хасаж аймагт шилжүүлэх нь туйлын зорилго байж болохгүй. Үүнийг дэмжихгүй.

Сонгуулийн тойрог, мандат хуваарилалтын талаар хэн, юу хэлэв   УИХ-ын гишүүн О.Баасанхүү (Орхон аймгаас сонгогдсон):

   -64-ийн бүлгийнхэн эрхэлж байна. Тэд сонгуулийг олон мандаттай, томсгосон тойргоор явуулахыг өөрсдөө санал гаргаж, баталсан. Одоо зарим аймагтаа дөрвөн мандат хуваарилж байна.     Газар нутаг, хүн амаараа эхний тавд орох аймгууд биш. Харин нэг мандаттай аймгуудыг хоёр болгож байгааг ойлгож байгаа. Хуульдаа олон мандат гэж тусгасан учраас хоёр болгох нь зөв.

Сонгуулийн тойрог, мандат хуваарилалтын талаар хэн, юу хэлэвУИХ-ын гишүүн Л.Болд (Хан-Уул дүүргээс сонгогдсон):

 -Сонгуулийн тойрог, мандатын хуваарилалтын хамгийн үнэт зүйл нь иргэдийн тэгш эрхийн асуудал. Түүнээс биш аль нэг нам нь нийслэл эсвэл орон нутагтаа илүү суудал авна гэж тооцож   болохгүй. Өөрөөр хэлбэл, нийслэлд бага санал авна гэж орон нутагт мандат илүү хуваарилах нь буруу. Ер нь өнгөрсөн 30 жилд ийм л байдлаар мандат, тойргийн хуваарилалтыг хийсэн.   Тиймээс  манай намын хувьд энэ асуудлаар зөвлөлдөж, саналаа өгнө. Нийслэлд аль нэг намын дэмжлэг муу байлаа гээд мандат булаахыг эрс эсэргүүцэж байна.

Сонгуулийн тойрог, мандат хуваарилалтын талаар хэн, юу хэлэвУИХ-ын гишүүн С.Жавхлан (Баянзүрх дүүргээс сонгогдсон):

-Хүн амын тооноос хамаарвал нийслэлийн мандатын тоог бууруулах шаардлагагүй. Энэ асуудлыг одоогоор тодорхой яриагүй байгаа юм билээ. Тиймээс илүү зүйл ярихгүй. Яг баталгаатай болохоор нь зөв эсэхийг нь хэлье.

Сонгуулийн тойрог, мандат хуваарилалтын талаар хэн, юу хэлэвУИХ-ын гишүүн А.Ундраа (Баянгол дүүргээс сонгогдсон):

-Мандатын хуваарилалтыг одоохондоо хийгээгүй байгаа. Албан бус мэдээллээр нийслэлийн дүүргүүдийн мандатын тоог цөөлөх, орон нутагт нэмэгдүүлнэ гэсэн чигтэй байна. Хүн амынхаа тоотой дүйцүүлж үзвэл Улаанбаатар хотод Монголын хүн амын тал хувь нь амьдарч байгаа учраас 76 мандатын тэн хагас нь ногдох ёстой.

Сонгуулийн тойрог, мандат хуваарилалтын талаар хэн, юу хэлэвУИХ-ын гишүүн Н.Учрал (Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон):

-Мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр л авч байна. Түүнээс биш нам, бүлгийн хуралд тойрог, мандатын хуваарилалтын талаар яриагүй. Нийслэлд хүн амын 50 хувь нь амьдарч байгаа. Тиймээс нийслэлийн мандатын тоог хасах ёсгүй гэсэн байр суурьтай байна. Ялангуяа Сонгинохайрхан дүүрэг 330 мянган оршин суугч, 240 мянган сонгогчтой тойрог. Зургаан мандатад хуваасан ч зарим аймгаас их хүн амтай. Хүнээ төлөөлж байгаа шүү дээ.

Сонгуулийн тойрог, мандат хуваарилалтын талаар хэн, юу хэлэвУИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: (Сүхбаатар дүүргээс сонгогдсон)

-Мандат, тойргийн хуваарилалтын талаар тодорхой мэдээлэлгүй байна. Энэ асуудлыг нам, бүлгийн түвшинд яриагүй. Мэдээж хүн ам, газар нутгийн байрлал, хэмжээг харгалзан тойрог зурж, мандат хуваарилна. Одоогоор яригдаагүй байгаа учраас энэ талаар тодорхой мэдээлэл алга.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд (Говь-Алтай аймгаас сонгогдсон):Сонгуулийн тойрог, мандат хуваарилалтын талаар хэн, юу хэлэв

-Мандатын тоог тогтоохдоо хүн амын тоо, газар нутаг, засаг захиргааны нэгжийн хэмжээг харгалзана гэдэг шинэ зарчим орж ирсэн. Одоогоор мандатыг тоог тогтоогоод УИХ-аар хэлэлцсэн асуудал байхгүй. Ер нь, Сонгуулийн тухай хуульд мандатын тоог тогтоохдоо газар нутгийн хэмжээ, хүн амын тоо, засаг, захиргаа, нэгжийн хуваарийг харна гэсэн. Тэгэхээр олон хүн амтай бол олон мандаттай, цөөн хүн амтай бол цөөн мандаттай байна гэсэн хуучин зарчим байхгүй болсон. Говь-Алтай аймаг хэдэн мандаттай болсныг мэдэхгүй байна. Болж өгвөл гурван мандат нэмчихмээр байна.

 http://www.zaluu.mn/p/51186.html

offshore.mn

http://offshore.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.