Манай улс өнөөдрөөс коронавирусийн эсрэг вакцинжуулалтын ажлыг эхлүүлж байна. Тэгвэл Монголд орж ирсэн анхны тун вакциныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хийлгэлээ
Тэрбээр энэ үеэрээ "Шинэ Засгийн газрын газар бүрдэж ажилдаа ороод 25 хонож байна. Өнгөрсөн 25 хоногт Засгийн газар олон улсын шилдэг туршлагад үндэслэсэн, өнөөгийн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд тохирсон шуурхай, шийдэмгий, системтэй, шинэ бодлого дэвшүүлэн ажиллаж байна. Өнгөрсөн өдрүүдийн хөл хорио өвчний тархалтыг хумьж чадлаа. Өрх тус бүрийг төлөөлүүлэн 411 мянган иргэнээс шинжилгээ авахаар төлөвлөж байсан ч 523 мянган иргэнээс авлаа. Улмаар халдварын голомтуудыг илрүүлж, цааш тархахаас сэргийлж чадсан
Мөн вакцинжуулалтыг эхлүүлэх суурь нөхцөлийг бүрдүүллээ. Вакцинжуулалт энэ цагаас эхэлж байна. Монголчууд цар тахлын эсрэг вакцинжуулалтыг эхлүүлсэн улс орнуудын нэг болж байна. Вакцинжуулалт ийнхүү эхлэхэд өмнөх Ерөнхий сайдын БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Модид илгээсэн захидал чухал үүрэг гүйцэтгэсэн. Хүн амынхаа 60 хувийг богино хугацаанд дархлаажуулах зорилт тавин ажиллаж байна. Вакцинжуулалт нь сайн дурын үндсэн дээр хийх ажил гэдгийг дахин хэлье. Гэхдээ цар тахлаас эрүүл мэндээ хамгаалах цорын ганц арга бол вакцин гэдгийг хэлэхийг хүсэж байна" гэлээ.
offshore.mn