Оффшороос оруулж ирсэн мөнгөө өрх бүрд тараах Х.Баттулгын “амлалтууд” хаачсан бэ
    Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдсон даруйдаа буюу 2017 онд “Оффшор бүсээс 17 сая ам.доллар Монголд оруулж ирнэ” гэх амлалт өгч байлаа. Түүнээс хойш Х.Баттулга хэвлэлд ярилцлага өгөх, иргэдтэй уулзалт хийх бүрдээ “Оффшор бүсээс өдий төдий хөрөнгө орж ирж байгаа, тун удахгүй бүгдийг нь оруулж ирж дуусна” хэмээн ярьж явсан. Гэвч үүнийх нь хариуд Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар “Оффшороос ямар ч мөнгө Төрийн санд орж ирээгүй. Оффшороос мөнгө оруулж ирвэл улсын орлого эсвэл тухайн иргэний мөнгө эсэхийг шүүх эцэслэн тогтоох ёстой. Хүний хөрөнгийн өмчлөлийг зөвхөн шүүх л өөрчилнө. Хувь хүний хөрөнгө, мөнгийг төрд хураан авах, дайчлах, хураах нь хуулиар маш хязгаарлагдмал. Монгол Улс хуульгүй, дүрэмгүй улс болчихсон уу. Диктатортай болчихсон уу” гэх тайлбар өгсөн байдаг. Чухамдаа Сангийн яамнаас ийн бат, ноттой тайлбар өгөх хүртэл иргэд оффшор бүсээс мөнгө орж ирж байгаа, удахгүй бид хувь хүртэнэ л гэж хүлээж байсан. Чухамдаа “Улстөрчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдийн оффшорт нуусан хөрөнгийг нэн даруй оруулж ирнэ. Оффшороос оруулж ирсэн мөнгөнөөс өрх бүрд сая төгрөг тараана” гэсэн Ерөнхийлөгч Х.Баттулгын гоё ганган “амлалт” хэзээ биелэхийг иргэд хүлээж байлаа. Цар тахлын хямрал айл өрхийг бүрийн хаалгыг “тогшсон” хүнд хэцүү цаг үед өрх бүрд сая төгрөг тараах  санал гаргасан Х.Баттулгын нэр хүнд огцом өссөн. Харамсалтай нь “бухын доодхыг харж үнэг турж үхнэ” гэгч болж, тэр эл амлалтуудынхаа алиныг нь ч биелүүлэхгүй байсаар бүрэн эрхийг хугацаагаа дуусгах нь бололтой.
         

Ерөнхийлөгч Х.Баттулгын хууран мэхлэлт үүгээр дууссангүй, харин ч илүү ноцтой хууран мэхлэлт нь ил болсон байдаг. Тодруулбал, Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Ерөнхийлөгч Х.Баттулгын Сингапур дахь оффшор компани нь ил болж, дуулиан тарьсан. Оффшортой “тэмцэгч”-ийн дүрээр сонгогдсон Ерөнхийлөгч Х.Баттулга өөрөө оффшортой байсан нь сонгогчдын урмыг хугалж, ихээхэн шүүмжлэл дагуулсан юм. Гэвч Х.Баттулга өөрөө хууль, шүүхийн дээр байгаа учраас иргэд дэмий л бухимдахаас өөрөөр яаж чадалгүй байсаар эл хэргүүд нь замхарч байна. 

 
Хэргийг эргэн сануулвал, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч нэгдэл”-ээс Ерөнхийлөгч Х.Баттулгын оффшорт байгуулсан “Женко Холдинг Пи-Ти-И” компанийн мэдээллийг олон нийтэд ил болгосон. Монгол Улсын хуулиар оффшор бүс гэж тодорхойлсон Сингапур улсад бүртгэлтэй “Женко Холдинг Пи-Ти-И” компанийн 50 хувийг Х.Баттулгын охин Б.Намуун, үлдсэн 50 хувийг түүний бизнесийн хамтрагч, Сингапурын хятад иргэн Билли Лимын хүү Деннис Лим нар эзэмшдэг нь баримтаар ил болсон. Тус компанийг Ерөнхийлөгч Х.Баттулга өөрөө анх Сингапурт байгуулж, 2007 оны долдугаар сар хүртэл захирлаар нь ажиллаад, охин Б.Намуундаа шилжүүлсэн байсан нь ч баримтаар ил болсон байдаг. Ил болсон баримтуудаас хамгийн ноцтой нь нэг сая ам.долларын хувь нийлүүлсэн хөрөнгөтэй байгуулсан “Женко Холдинг Пи-Ти-И” компани нь Ерөнхийлөгч Х.Баттулгын гадагшаа гаргасан хууль бус мөнгийг угаадаг компани байж болзошгүй хэмээн эх сурвалжууд мэдээлж байгаа юм. 
 
Ингэж “Улстөчдийн оффшорт нуусан хөрөнгийг Монголд оруулж ирнэ. Оруулж ирээгүйд нь хуулийн хариуцлага тооцно” хэмээн амлалт өгч Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулга өөрөө оффшор бүсэд нууц компанитай нь илчлэгдэж, жинхэнэ нүүр царай нь ил болсон юм. Ерөнхийлөгч Х.Баттулга оффшортой нь ил болсны дараа нийгэмд Х.Баттулгыг оффшорыг эсэргүүцэгчид, түүнд хариуцлага тооцохыг шаардсан иргэний хөдөлгөөнүүд эрчимжиж эхэлсэн. Дөрвөн жил Х.Баттулгын оффшорын ярианд нь хууртсан ард түмэн уурлаж, бухимдахаас ч аргагүй. Ашиг сонирхлын хуулийн 10 дугаар зүйлд “Нийтийн албан тушаалтан буюу төрд өндөр албан тушаал хашдаг хүн оффшор бүсэд компани үүсгэн байгуулж, эзэмшихийг хориглоно” гэсэн заалт байдаг. Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сингапурт “Женко Холдинг Пи-Ти-И” гэх оффшор компани байгуулж, өөрийн охин Б.Намуунаар дамжуулан эзэмшдэг гэдэг нь хэвлэлээр ил болчихлоо. Өөр ямар баримт хэрэгтэй гэж... 
 
Эх сурвалж: www.ergelt.mn

offshore.mn

http://offshore.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.