“Мазаалай” бондын төлбөрийг барагдуулжээ

Монгол Улсын Засгийн газрын олон улсын санхүүгийн зах зээл дээр 2016 онд гарган арилжаалсан 500 сая ам.долларын, таван жилийн хугацаатай, 10.875 хувийн хүүтэй “Мазаалай” бондын үлдэгдэл төлбөр болох 132.6 сая ам.долларын төлбөрийг барагдуулсан байна. Мөн 2016 онд “Кредит свисс” банкнаас авсан 250 сая ам.долларын арилжааны нөхцөлтэй зээлийн үлдэгдэл төлбөр болох 60 сая ам.долларыг гуравдугаар сард хөрөнгө оруулагчдад бүрэн төлж барагдуулсан гэдгийг Сангийн яамнаас мэдээллээ.

Улмаар 10.875 хувийн хүүтэй "Мазаалай" бондын тодорхой хэсгийг 5.125 хувийн бага хүүтэй “Номад” бондоор дахин санхүүжүүлж, үлдэгдэл төлбөр болох 139.8 сая ам.доллар хүүгийн төлбөрийн хамт Монгол Улс макро эдийн засаг, төсөв, санхүүгийн дарамтгүйгээр бүрэн төлж барагдуулсан байна.

Цаашид Монгол Улсын Засгийн газар богино болон дунд хугацааны макро эдийн засаг, төсөв санхүүгийн бодлогоо улам чамбайруулж, ирэх жилүүдэд хүлээгдэж буй гадаад үнэт цаасны эргэн төлөлтүүдийг эдийн засаг, төсөв санхүүд дарамт багатай шийдвэрлэх чиглэлд анхааран ажиллаж буйг мэдээллээ.

offshore.mn

http://offshore.mn
© 2021 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.