Э.Ананд хүүгийн ээж: Цусны хавдар нь эдгэдэг төрөл гэсэн. Эхний хими эмчилгээ дуусаж, хүүгийн минь бие дээрдэж байна

Найман настай Э.Ананд хүү эмчилгээгээ хийлгэхээр БНСУ-ыг зорьсон билээ. Тэрбээр багана нурууны түрж ургасан хүнд хэлбэрийн хавдартай болох нь тогтоогдож, монголчуудынхaa цуглуулсан хандиваар ээжийн хамт эмчлүүлэхээр явсан юм. Тэгвэл Э.Ананд хүүгийн эхний удаагийн химийн эмчилгээ дуусчээ.

Энэ талаар хүүгийн ээжээс тодрууллаа. Тэрбээр “Нуруу нугасны хавдраас гадна цусны хорт хавдартай гэдэг нь батлагдаж, химийн эмчилгээ хийлгэж, түр хугацаанд завсарлаад байна. Хүүгийн минь цусны үзүүлэлтүүд эргэж өгсөхөөр шинжилгээ авч анхны шинжилгээтэйгээ харьцуулж, эхний хими эмчилгээ ямар үр дүнтэй байгааг нь харж үзнэ гэсэн. Хими эмчилгээний дараах хордлого бага багаар тайлагдаж байгаа. Химийн эмчилгээний үеэр хүү минь хоол идэхгүй байсан. Харин одоо ганц нэг халбага хоол идэж, бөөлжиж,  гүйлгэх нь ч эрс багассан. Сарын дараа дараагийн хими эмчилгээнд орно. Энэ сарын хугацаанд нөхөн сэргээх эмчилгээ, бас өдөр бүр цусны шинжилгээ өгнө. Цусны хавдраас гадна нурууны хавдар ч бас тодорхой хэмжээнд агшсан гэж найдаж байгаа. Монголд  гурван сарын хугацаанд зөвхөн нуруу, хэвлийн доод хэсэгт хавдар байсан. Гэтэл өнгөрсөн БНСУ-д өгсөн МRI-аар нурууны дээд хэсэгт жижиг хавдар илэрсэн. Нурууны хавдраас илүү цусных нь хүнд учраас эхлээд цусны хавдарын эмчилгээ хийгдэж байгаа. Ямартай ч эдгэдэг төрөл нь учраас эдгэрнэ гэсэн итгэл дүүрэн байна. Гол нь маш урт хугацааны эмчилгээ шаардлагатай гэсэн. Ийм учраас монголчуудыгаа хандивын аянаа битгий зогсоогоосой гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Дахиж хичнээн төгрөг хэрэг болохыг урьдчилж хэлэх ямар ч боломжгүй. Хүүгийнхээ хажуунаас алхам ч холдож болохгүй, цаг тутам халуун хэмжиж тэмдэглэнэ, бие засах болгонд нь цаг минуттай хэмжээг нь бичдэг. Хүүгээсээ ганц цаг ч болов холдож болдог бол ажил хийж, мөнгө олмоор байна. Даанч тэгэх боломжгүй юм билээ. Ахын минь виз гараагүй бид хоёр хоёулахнаа ирсэн болохоор жаахан хэцүү л байна. Гэхдээ БНСУ-д байгаа монголчууд маань маш их тус болж байгаа. Хүүгийн минь төлөө өөрийнхөө идэх талхны мөнгөнөөс хагасалж, бидний төлөө залбирч байгаа монголчууддаа баярлалаа. Хүүгээ заавал эдгээгээд очно” гэлээ.

Солонгос данс: 2954 01 01 236058 КВ банк. Цогтбаатар Даваа.

Монгол данс: 5447233328 Хаан банк эмээ Цэцэгжаргал

Солонгос дахь утас: 010 5651 9510 Ээж Даваа

offshore.mn

http://offshore.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.